images

“CHICAGO CUP” НЭЭЛТТЭЙ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ

Консулын газрын мэдээ

2026-11-02

10

Чикаго хотын Монголчуудын ахмадын сагсан бөмбөгийн холбооноос 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан "CHICAGO CUP" хоёр дахь удаагийн сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 10 баг хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцож аваргуудаа шалгарууллаа.

Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг тэмцээнийг нээж үг хэлэв. Тэмцээний нээлтийн арга хэмжээний үеэр Америкийн ахмадын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд 5 удаа дараалан түрүүлсэн “Чикаго” багийн тамирчдыг алдаршуулан дурсгалын зүйлс гардуулав.

Тэмцээнд Монгол Улсаас сагсан бөмбөгийн дээд лигийн шилдэг тамирчид, спортын мастерууд ирж тоглосон бөгөөд эрэгтэй 50+ насны ангилалд “Канзас, Денвер” баг тэргүүн байр, эмэгтэй 40+ насны ангилалд “Чикаго скай” баг тэргүүн байр эзэллээ. Мөн Монгол Улсаас уг тэмцээнд ирж оролцсон шилдэг тамирчид болон АНУ-д ажиллаж амьдарч байгаа шилдэг тамирчдын дунд болсон нөхөрсөг тоглолт маш өрсөлдөөнтэй болж АНУ-д ажиллаж, амьдарч байгаа тамирчдын ялалтаар өндөрлөв.


“CHICAGO CUP” нээлттэй сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон, шагналт байранд шалгарсан тамирчиддаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.