Консулын мэндчилгээ

2022-10-24


МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын төр, засгаас хилийн чанадад буй иргэддээ төрийн үйлчилгээг тогтмол хүргэх, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалахад онцгой анхаарал хандуулж буй бөгөөд энэ хүрээнд Монгол Улсаас Чикаго хотод суух Консулын газрыг нээх шийдвэрийг гаргасан билээ.

Тус Консулын газрын консулын тойрогт Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Миннесота, Айова, Миссури, Висконсин, Иллинойс, Мичиган, Индиана, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана муж улсууд багтдаг.

Консулын газар 2022 оны 3 дугаар сард үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлснээс хойш консулын тойрогт багтдаг мужуудад амьдарч буй монголчууддаа консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэхийн зэрэгцээ Монгол, Америкийн худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна. Монгол Улсаа илүү сурталчлан таниулах, монгол коммюнити-г улам бэхжүүлэх нь мөн Консулын газрын зүгээс тэргүүлэх ач холбогдол өгч буй чиглэлүүд юм. Эдгээр чухал ажлыг хэрэгжүүлэхэд иргэд, төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллах болно.  

Консулын газрын вэб хуудсыг нээснээр иргэд та бүхэн бидний үйл ажиллагааны талаар болон Монгол Улсын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломж нэмэгдэж байна.

Консулын газрын үйл ажиллагааг сайжруулах, Монгол, Америкийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар та бүхэн үнэтэй санал, зөвлөгөө дэвшүүлж, бидэнтэй ойр дотно хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монгол төрийн алтан аргамж бат бөх байх болтугай.

КОНСУЛ Т.БАТЦЭЦЭГ