images

ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН БИЧИГ БАРИМТ ДАХИН АВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Иргэдэд өгөх зөвлөмж

2026-10-08

8

АНУ-ын Иргэншил, цагаачлалын үйлчилгээний албанд хүсэлт гаргахад ашиглах зэрэг шаардлагын улмаас манай иргэд  төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг бичиг баримтыг дахин авах, бичиг баримтын лавлагаа авах, хуулбарын баталгаат орчуулгыг хийлгэх хүсэлтийг тус Консулын газарт гаргах нь түгээмэл байдаг.

Иргэд төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг үрэгдүүлсэн, гэрчилгээний эх хувь байхгүй тохиолдолд Монгол Улсын Иргэний бүртгэлийн системээс бүртгэлийн мэдээллийг нягтлах хэрэгтэй болдог. Иргэний бүртгэлийн системд 1989 оноос өмнө төрсөн иргэний мэдээлэл цахимаар бүрэн ороогүй байгаа тул тухайн иргэний бичгээр гаргасан нөхөн бүртгэл хийлгэх хүсэлтийг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж, тухай бүр нь шийдвэрлүүлсний дараагаар тус Консулын газар хэвлэн олгодог.

Иймд төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг бичиг баримтыг үрэгдүүлсний улмаас дахин авах хүсэлт гаргавал бичиг баримтыг нь дахин хэвлэн олгоход тодорхой хугацаа шаардлагатайг анхаарна уу.