ОЛОН УЛСЫН ЭНХ ТАЙВНЫ ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
НҮБ-ын Олон улсын энх тайвны өдрийг тохиолдуулан “The Peace School” байгууллагаас 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чикаго хотын Дэйли төвийн талбайд зохион байгуулсан “Peace Day Chicago 2026” арга хэмжээнд Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулын газрын төлөөлөл оролцов.

Чикаго хотод Энх тайвны өдрийг “The Peace School” байгууллагын санаачилгаар 1978 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд 1981 онд НҮБ-аас Олон улсын энх тайвны өдрийг бий болгосноос хойш уг өдрийг НҮБ-ын санаачилгатай уялдуулан тэмдэглэж ирсэн. Энэ жилийн арга хэмжээг “Invest in Peace - for Everyone, Everywhere, Every Day” буюу “Энх тайвны төлөө хөрөнгө оруулъя - хүн бүрийн төлөө, хаа сайгүй, өдөр бүр” уриан дор зохион байгуулав.

Арга хэмжээнд Чикаго хотод суугаа гадаад улсын консулын төлөөлөгчид, Чикаго хот болон Күүк Каунтигийн удирдлага, олон нийтийн байгууллага, сургууль, сурагчдын төлөөлөл оролцож, энх тайван, эв нэгдэл, харилцан хүндэтгэл, соёлын олон талт байдлыг сурталчлах чиглэлээр үг хэлж, улс үндэстнүүдийн соёлын үзүүлбэрийг толилуулав.
Арга хэмжээний төгсгөлд Дэлхийн энх тайвны тугт ёслол /World Peace Flag Ceremony/ зохион байгуулж, дэлхийн улс орнуудын төрийн далбааг залан, улс үндэстэн бүрд энх тайвныг хүсэн ерөөлөө. Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулын газрын төлөөлөл Монгол Улсын төрийн далбааг барин тус ёслолд оролцов.