“МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫГ ДЭМЖИХ ЖИЛ” ЗАРЛАХ УРИАЛГА
Консулын газар болон Чикаго хот орчимд монгол хэлний сургалт явуулж буй “Монгол Мэдлэг”, “Чикаго Монгол”, “Антиох Монгол” сургуулиудын удирдлагын уулзалт 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдөр боллоо.
Уулзалтаар Чикаго хот орчимд амьдарч буй монгол хүүхэд, залуучуудын монгол хэлний ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, 2026-2027 оны хичээлийн жилийг “Монгол хэлний сургалтыг дэмжих жил” болгон зарлаж, цуврал арга хэмжээ хэрэгжүүлэхээр тогтлоо.
Монгол хэлээр ярих орчныг бүрдүүлэх, монгол хэлний сургалтад хүүхдүүдээ хамруулахад эцэг, эхчүүдийн хандлага, оролцоо хамгийн чухал болохыг уулзалтад оролцогчид тэмдэглэж, “Монгол хэлний сургалтыг дэмжих жил”-ийн санаачилгыг идэвхтэй дэмжиж, хамтран ажиллахыг Чикаго орчимд амьдарч буй монгол эцэг, эхчүүддээ уриалж байна.
“Монгол Мэдлэг”, “Чикаго Монгол”, “Антиох Монгол” сургуулиудын шинэ хичээлийн жилийн бүртгэл явагдаж байгаа тул та бүхэн хүүхдүүдээ бүртгүүлж, сургалтад хамруулна уу.