АНУ ДАХЬ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЛОО
АНУ дахь Монгол эмэгтэйчүүдийн чуулган 2026 оны 4 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Лос Анжелос хотод боллоо.

Чуулганд АНУ-ын өнцөг булан бүрээс болон Монгол Улсаас хүрэлцэн ирсэн 300 орчим төлөөлөгчид оролцсоноос 20 орчим төлөөлөгч илтгэл тавьж, 80 орчим төлөөлөгч бизнес, санхүү, эрүүл мэнд, татвар, даатгал, боловсрол, эх хэл, олон нийтийн үйл ажиллагаа зэрэг салбарын хэлэлцүүлэгт оролцов.

Консул Т.Батцэцэг чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ удаагийн уулзалт оролцогчдын тоо, хамрах хүрээ, хэлэлцэх асуудлын далайц, зохион байгуулалтын түвшний хувьд шинэ жишгийг тогтоож буйг онцолж, чуулга уулзалтыг санаачлагч, зохион байгуулагчдад талархал илэрхийлэв.

Монгол Улсын үе үеийн засгийн газрууд хилийн чанадад амьдарч буй монгол иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалахад анхаарал хандуулж, монгол хэл, соёлоо өвлүүлэн үлдээх эрмэлзлийг нь дэмжиж ирсэн бөгөөд Чикаго дахь Консулын газар байгуулагдсан цагаасаа монгол коммюнитиг бэхжүүлэхийг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлүүдийн нэг болгон ажиллаж буйг тэмдэглэлээ.

АНУ-д амьдарч буй монгол эмэгтэйчүүд худалдаа, үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, даатгал, санхүү, зөвлөх үйлчилгээний салбарт түлхүү ажиллаж, суугаа муж, хотынхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ тухайн монгол коммюнигийнхээ үйл хэргийн гол хөдөлгөгч хүч нь болж байдгийг тэмдэглэж, эмэгтэйчүүддээ талархал илэрхийллээ.

Түүнчлэн Консул Т.Батцэцэг чуулганд оролцогч эмэгтэйчүүд нь коммюнитигийн эв нэгдлийг бэхжүүлэгчид, шинэ үеийн манлайлагчдыг өсгөн хүмүүжүүлэгчид, эх хэл, соёл, үнэт зүйлсээ өвлүүлэгчид, Монгол-Америкийн хооронд гүүр бологчид болохыг онцолж, АНУ дахь монгол коммюнитид тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, хамтач үзэл, бие биенээ дэмжих хандлагыг бэхжүүлэх, үр хүүхдүүддээ төлөвшүүлэхэд манлайлал үзүүлэхийг эмэгтэйчүүддээ уриаллаа.
