КОНСУЛ Т.БАТЦЭЦЭГ АЗИ-АМЕРИКИЙН БИЗНЕСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА
Консул Т.Батцэцэг Азийн худалдааны танхимаас Кэнтаки мужийн Лексингтон, Охайо мужийн Вэст Чэстэр хотод 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулж буй Ази-Америкийн бизнесийн чуулга уулзалтад оролцож байна.
Чуулга уулзалтад АНУ болон Азийн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, технологийн салбарын төлөөлөл, мөн зарим улсын Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид илтгэл тавьж, Азийн орнууд болон Америкийн эдийн засгийн харилцан хамаарлыг зөв гольдролд оруулах, нийлүүлэлтийн гинжин сүлжээний найдвартай байдлыг хангах зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Консул Т.Батцэцэг чуулга уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ Монгол, Америкийн гуравдагч хөршийн стратегийн түншлэлийн харилцаа эдийн засаг, ардчилсан засаглал, аюулгүй байдал, иргэд хоорондын солилцоо зэрэг салбарт тулгуурлан өргөн хүрээнд хөгжиж буйг цохон тэмдэглэж, хоёр талын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн тулд Консулын газраас бизнес эрхлэгчдийн хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэхийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын орчинг улам сайжруулахад анхаарал хандуулж ирснийг онцолж, Америкийн бизнес эрхлэгчид хоёр талын шугамаар болон бүс нутгийн орнуудтай гурвалсан байдлаар Монголын уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах өргөн боломж буйг тэмдэглэв.
Түүнчлэн Консул Т.Батцэцэг АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн бизнесийн боломж, чадавх дээшилж, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр нь нэмэгдэж буй бөгөөд тэдний зүгээс Америкийн бизнес эрхлэгчидтэй илүү ойр хамтран ажиллах, Монголд хамтран хөрөнгө оруулах сонирхолтой байдгийг тэмдэглэлээ.