images

“THE REAL GENGHIS KHAN” ҮЗЭСГЭЛЭН ВИСКОНСИН МУЖИД ГАРЧ БАЙНА

Консулын газрын мэдээ

2026-04-01

29

АНУ-ын Висконсин мужийн Де Пере хот дахь Мулва соёлын төв/Mulva Cultural Center/-д “The Real Genghis Khan” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 31-нээс 5 дугаар сарын 3-ны хооронд гарч байна.

Тус үзэсгэлэн нь Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүх, нүүдлийн соёл иргэншил, өнөөгийн Монгол Улсын талаарх үзмэрүүд, фото зураг болон видео бичлэгүүдийг дэлгэн үзүүлсэн бүрэн хэмжээний үзэсгэлэн бөгөөд үзэсгэлэнгийн хүрээнд Монголын ардын урлагийн үзүүлбэрүүд өдөр бүр тоглогдож, үзэсгэлэнгийн бэлэг дурсгалын дэлгүүрт Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, Монголтой холбоотой бэлэг дурсгалын зүйлс худалдаалагдаж байна.

2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр болсон соёлын тусгай арга хэмжээнд Консул Т.Батцэцэг тэргүүтэй Консулын газрын төлөөлөл оролцож, Мулва соёлын төвийн Гүйцэтгэх захирал Марвин Уоллтой уулзав. Консул Т.Батцэцэг “The Real Genghis Khan” үзэсгэлэнг 2009 оноос хойш Хойд Америкийн томоохон хотуудад зохион байгуулж буй Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуяг болон энэ онд тус үзэсгэлэнг 3 сар гаруй хугацаанд гаргах боломжийг олгосон Мулва соёлын төвийн хамт олонд тусгайлан талархал илэрхийллээ.

Соёлын арга хэмжээнд Виржиниа мужаас ирсэн уран бүтээлчид морин хуур, хөөмжийн уран бүтээлийн дээжээсээ толилуулав.

Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүх, дэлхийн хөгжилд оруулсан хувь нэмрийн талаарх цогц ойлголтыг өгөх энэхүү үзэсгэлэнг та бүхэн өөрийн хүүхдүүд, найз нөхдийн хамт зорин очиж үзэхийг уриалж байна.

Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Мулва соёлын төвийн вэб хуудаснаас авна уу.
https://mulvacenter.org/exhibits/the-real-genghis-khan/