Чикаго орчмын монголчуудын Цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээ болж ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.
Чикаго орчмын монголчуудын Цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээ 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Монгол өв соёлын төвд ёслол төгөлдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Дэд консул Г.Батхүрэл оролцон сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Хүчит бөхийн барилдаанд 16 бөх барилдсанаас Сумын заан П.Уламбаяр түрүүлж, чөлөөт бөхийн ОУХМ, гавьяат тамирчин Э.Бэхбаяр үзүүрлэж, залуу бөх Д.Цогтбаатар, Төрболд нар шөвгөрлөө.
Хүүхдийн бөхийн барилдаан хоёр насны ангиллаар явагдсан бөгөөд 11 наснаас дээш насны ангилалд Билгүүн түрүүлж, У.Ирмүүн үзүүрлэж, О.Эрхсүрэн, О.Очирбилэгт нарт шөвгөрлөө. Мөн 11-наснаас доош насны ангилалд З.Эрхбаяр түрүүлж, Б.Ананд үзүүрлэж, О.Есүдэй шөвгөрлөө. Хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ахмадуудын дунд “Дөрвөн бэрх” танин мэдэхүйн тэмцээнийг багийн төрлөөр зохион байгуулсанд "Хоньчин" багийн ахмадууд болох Ц.Дэнсмаа, Т.Бор нар түрүүлж өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлээр шагнагдав. Түүнчлэн “Энүүхэндээ” Монгол барааны дэлгүүр “Монгол бичиг -2025” уралдаан АНУ даяар зарлаж 1 дүгээр байранд Отгонсүрэн (Чикаго), 2 дугаар байранд Удвал (Денвер), 3-р байранд Анужин (Чикаго), Дуламсүрэн(Вержиния) нар шалгарав.
Мөн зураач, калиграфич Г.Мөнхтөр “Уран бичвэр”-ээр зочдын мэлмий оюуныг баясгав.
Хүндэтгэлийн арга хэмжээнд “Гийнгоо” морин хуурын чуулга, “Тэнгэр хуур” сургалтын төв, “Precious Entertainment” болон Чикаго хот орчимд амьдарч буй бусад уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн дээжээс толилуулав. Арга хэмжээний үеэр хүүхдүүдийн дунд морь уралдах тэмцээнийг зохион байгуулж түрүүлж, аман хүзүүдсэн, айргийн гурав, дөрөвт орсон хүүхдүүдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа. Цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Чикаго орчмын Монголчуудын холбоо болон дэмжиж, хамтран ажилласан Монгол өв соёлын төв зэрэг байгууллага, аж ахуйн нэгж, уран бүтээлчид, иргэдэд Консулын газрын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй.