images

“ТУНА” ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАГЧ ОЮУТНУУДТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэдээ, мэдээлэл

2024-10-15

8

Консулын газраас Хойд Америкийн Цахим Өртөө (TUNA) ашгийн бус байгууллагатай хамтран тус байгууллагаас Монгол коммюнитигийн шилдэг оюутнуудад олгодог тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудтай хийсэн уулзалтыг 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Бямбасүрэнгийн Золзаяа, Батцогтын Тамир, Мэндбаярын Чинхүслэн, Ганбатын Содбаяр, Болд-Эрдэнийн Сарнай, Төвшинтулгын Энхзориг нар “ТУНА” тэтгэлэгт шалгаран Miami University, Middleberry College, University of California, Berkeley, University of Illinois Urbana-Champaign, Tufts University зэрэг АНУ-ын шилдэг их сургууль, коллежид суралцаж байна.

Уулзалт, арга хэмжээ хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд Монгол өв соёлын төв дээр болсон үдээс өмнөх арга хэмжээнд Зочин илтгэгч Др. Я.Борчулуун, тэтгэлгээр суралцагч оюутнууд болон эцэг эхчүүдийн төлөөлөл яриа хийж, их сургууль, коллежийн элсэлтэд бэлдэж буй ахлах сургуулийн сурагчид, эцэг эхчүүдийн сонирхсон асуултуудад хариуллаа.

Консулын газар дээр болсон үдээс хойшхи арга хэмжээний үеэр Чикаго орчмын ашгийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, Монгол коммюнитиг бэхжүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Монгол хүүхэд залуучуудын боловсрол, мэдлэгийг тэлэх, залуучууд өөрийн коммюнитигийн талаар илүү гүнзгий ойлголттой болоход тустай арга хэмжээг санаачилсан Хойд Америкийн Цахим Өртөө байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.