images

Миссури мужийн Сэйнт Луйс хотод консулын үйлчилгээ үзүүлнэ

Мэдээ, мэдээлэл

2024-03-05

264

Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар 2024 оны 3 дугаар сарын 11-ний 14:00-19:00 цаг, 3 дугаар сарын 12-ны өдөр 09:00-11:00 цагийн хооронд Миссури мужийн Сэйнт Луйс хотод /Хаяг: Holiday Inn Express St Louis - Central West End 4630 Lindell, St. Louis, MO, 63108/ консулын дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд: 1. Иргэний үнэмлэх олгох бүртгэл хийх /16 нас хүрсэн иргэд/, сунгах /25, 45 хүрсэн иргэд/, 2. Бүх төрлийн итгэмжлэл баталгаажуулах, 3. Гэрлэлт бүртгэлийн материал хүлээн авах, 4. Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгох, материал хүлээн авах, 5. Гадаад паспорт шинээр авах материал хүлээн авах, 6. АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт гаргах, 7. Иргэний бичиг баримтын орчуулга баталгаажуулалт, 8. Бүх төрлийн үйлчилгээтэй холбоотой заавар зөвлөгөө өгөх зэрэг болно. Анхаарах зүйлс: 1. ДУТУУ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХГҮЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ 2. Дээрх үйлчилгээний бүрдүүлэх материалын талаарх мэдээлэл, зааврыг Консулын газрын вебсайт https://chicago.consul.mn болон https://www.facebook.com/MongolConsulChicago цахим хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор урьдчилан бүрдүүлж, холбогдох маягтуудыг бүрэн гүйцэт үнэн зөв бөглөж ирнэ үү. Итгэмжлэл үйлдэхдээ https://consul.notary.mn/ сайтаар бүртгэл үүсгэж хаягаа нээнэ. Мэдүүлгийн маягт, өргөдлийн маягтыг бөглөхдөө зөвхөн монгол хэл /крилл үсэг/-ээр бичнэ үү. 3. 16-гаас дээш насны иргэд иргэний үнэмлэх авах, 25, 45 насны сунгалт хийлгэх бүртгэлд хамрагдах иргэд заавал өөрийн биеэр ирж хурууны хээ өгнө. Эдгээр иргэд гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний эх хувь, эсхүл хуулбарыг /гаргацтай гарсан/ цаасаар болон дижитал байдлаар авч ирнэ. Түүнчлэн ургийн овог, Монгол Улс дахь байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаар, төрсний гэрчилгээний дугаарыг сайтар тодруулж заавал мэдсэн байх /тэдгээрийн регистрийн дугаар болон хаяг бүхий бичиг баримтын хуулбар байх/ шаардлагатайг анхаарна уу. 4. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрсний бүртгэлд шинээр хамрагдаж буй хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх бөгөөд хэрэв хуулийн хугацаанд хүүхдээ бүртгүүлээгүй Монгол Улсын иргэн нөгөө нь гадаадын иргэн хүн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг бүртгүүлэхэд тус хуулийн 6.4-т зааснаар “...хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг хавсаргана.” хэмээн заасныг үндэслэн 30 хоногоос хойш төрсний бүртгэлд хамрагдахад УБЕГ-аас олгодог Төрөлт бүртгэлгүй тухай лавлагааг заавал хавсаргах болсныг мэдэгдэж байна. Төрөлт бүртгэлгүй тухай лавлагааг авахын тулд хүүхэд эрүүл саруул бойжиж буй, вакцинд цаг тухай бүрт хамрагдаж буй талаарх эмнэлгийн байгууллагын магадлагаа, тодорхойлолт шаардлагатай.Иймд эцэг, эхчүүд шинээр төрсөн хүүхдийнхээ бүртгэлийг хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор бүртгүүлнэ үү. 5. Гадаад паспорт, цахим иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ авахаар материал бүрдүүлэн ирэх иргэд дээрх бичиг баримт хэвлэгдсэний дараа Консулын газарт өөрийн биеэр ирж, гарын үсэг зуран хүлээн авах ёстой. Өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд баталгаат бухиа шуудангийн үйлчилгээг сонгож болно. Буухиа шуудангаар үйлчилгээг авах иргэн төлбөрийг урьдчилан төлсөн /Pre-paid/, цахим хэлбэрээр хянах боломжтой /Tracking number/, өөрийн оршин суугаа эсхүл шуудан хүлээн авах газрын хаягаар хаягласан /Self-addressed/ баталгаат шуудан /Certified mail/-гийн дугтуйг биечлэн авчирна. Таны үлдээсэн буцах дугтуйгаар илгээсэн материал гэмтсэн, үрэгдсэн тохиолдолд КГ хариуцлага хүлээхгүй бөгөөд дээрх эрсдэлийг үйлчилгээ авсан тухайн иргэн өөрөө хариуцах болохыг анхаарна уу. Жич: Иргэний бүртгэлд хамрагдах иргэд 2244778999 дугаарын утас руу урьдчилан мэдэгдэнэ үү. Консулын үйлчилгээтэй холбоотой асууж, тодруулах зүйлийг https://www.facebook.com/MongolConsulChicago цахим хаяг, 312-300-2300, 2244778999 дугаарын утсаар асууж, лавлана уу. МОНГОЛ УЛСААС АНУ-ЫН ЧИКАГО ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР