КОНСУЛ Т.БАТЦЭЦЭГ ИНДИАНА МУЖИЙН ЗАХИРАГЧТАЙ УУЛЗАВ
Консул Т.Батцэцэг Индиана мужийн захирагч Эрик Холкомбтой 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Индианаполис хотод уулзав.
Консул Т.Батцэцэг Консулын газрын үйл ажиллагааны талаар танилцуулж, консулын тойрогт багтдаг мужуудтай хоёр талын худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагаа гүнзгийрүүлэхийг зорин ажиллаж буйг тэмдэглэв.
Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийг илүү таниулах үүднээс Индиана мужид зохион байгуулдаг томоохон бизнес форум, уулзалтуудад Монголын бизнесийн төлөөлөгчдийг оролцуулах, Индиана мужаас өндөр түвшний төлөөлөгчид Монголд айлчлуулах чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлэв. Түүнчлэн боловсролын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, соёлын арга хэмжээ зохион байгуулах талаар санал солилцов.
Мужийн захирагч Эрик Холкомб Монгол Улсын Консулын газраас Индиана мужид ажиллах, арга хэмжээ зохион байгуулахад бололцоотой дэмжлэг үзүүлэх, өндөр түвшний төлөөлөгчид харилцан айлчлал хийх боломжийг эрэлхийлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.