ЧИКАГОГИЙН МОНГОЛЧУУДЫН БИЗНЕС ЗӨВЛӨЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛОВ
Чикаго хот орчим дахь бизнес эрхлэгч монголчуудын хамтын ажиллагаа, сүлжээг амжилттай хөгжүүлэх, хамтран хөгжих, зах зээлд өрсөлдөх чадамжийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөл (Mongolian Business Council of Chicago)-ийн албан ёсны нээлтийн ажиллагаа 2022 оны 10 дугаар сарын 2-ны өдөр болов.
Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг, Польш-Америкийн Бизнес Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Б.Пукшта зэрэг хүндэт зочид баяр хүргэн үг хэлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Зөвлөлийн Тэргүүн Б.Энхбат, Дэд тэргүүн Л.Болортуяа, Удирдах зөвлөлийн гишүүн Х.Эрдэнэбат, Н.Наранболд нар зөвлөлийн үйл ажиллагааны зорилт, хөгжлийн төлөвлөлт, гишүүнчлэлийн талаар танилцуулга хийв.
Элчин сайд Ө.Батбаярын дэвшүүлсэн Хойд Америк дахь Бизнес эрхлэгч Монголчуудын холбоо байгуулах санаачилгыг Чикаго орчмын монгол бизнес эрхлэгчид дэмжин уг зөвлөлийг байгуулсан бөгөөд цаашид АНУ-ын томоохон хотуудад байгуулагдах зөвлөлүүдтэй хамтран ажиллах юм.