“Hanul Family Alliance” байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Консул Т.Батцэцэг АНУ дахь Ази гаралтай ахмад хүмүүст үйлчилдэг “Hanul Family Alliance” байгууллагын Халамжийн хөтөлбөрийн захирал Ким Ихюнь, Олон нийттэй харилцах хэлтсийн захирал Бри МкЛюэн нарыг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Консулын газарт хүлээн авч уулзав. Уулзалтад монгол иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан зарим байгууллагын төлөөлөл оролцов.
“Hanul Family Alliance” байгууллагын төлөөлөгчид өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж, монгол коммюнитигийн ахмад иргэдэд бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтойг мэдээлэв.
1987 онд Солонгос гаралтай ахмад иргэдэд үйлчлэх зорилгоор байгуулагдсан тус байгууллагын үйл ажиллагаа 2007 оноос илүү өргөжиж, Солонгос гаралтай төдийгүй бусад үндэстний иргэдэд үйлчилдэг болжээ.
Тус байгууллага цагаачлалын асуудлаарх үйлчилгээ (АНУ-ын иргэн болох, ногоон карт авах өргөдлийн материал бэлтгэхэд туслах), гэрт нь халамж үзүүлэх үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ, соёлын арга хэмжээ, англи хэлний сургалт, нийгмийн үйлчилгээ (нийгмийн халамжийн дугаар авах материал бэлтгэх, эрүүл мэндийн даатгалын чиглэлээрх зөвлөгөө) болон шим тэжээлтэй өдрийн хоолоор үйлчлэх зэрэг олон чиглэлийн үйлчилгээг 60-аас дээш насны хүмүүст үзүүлдэг байна.
Тус байгууллагын төлөөлөгчид гэрт нь халамж үзүүлэх үйлчилгээг үзүүлэгч ажилтнуудын дунд монгол иргэд цөөнгүй байдгийг тэмдэглэж, цаашид монгол хэлтэй ажилтнуудыг нэмж авах сонирхолтой байдгаа илэрхийлэв.
Консул Т.Батцэцэг Чикаго орчим дахь монгол коммюнитигийн ахмад иргэдийн тоо нэмэгдэж буй тул цаашид “Hanul Family Alliance” байгууллагатай хамтран ажиллах, тус байгууллагын үйлчилгээнүүдийн талаарх мэдээллийг илүү түгээх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлж, монгол иргэдэд мэдээлэл өгөх тусгайлсан арга хэмжээг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцлоо.
“Hanul Family Alliance” байгууллагын үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.hanulusa.org цахим хуудаснаас авах, Чикаго дахь төвтэй нь 773-478-8851 дугаарын утсаар, Моунт Проспект дахь төвтэй нь 847-439-5195 дугаарын утсаар, Линкольншэйр дэх төвтэй нь 847-393-7488 дугаарын утсаар холбогдох боломжтой.