images

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН ХҮЛЭЭН АВАЛТ ХИЙВ

Мэдээ, мэдээлэл

2023-07-08

213

Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар Тулгар төрийн
2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн
мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг
тохиолдуулан 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Чикаго хотноо хүлээн авалт
зохион байгуулав.
Хүлээн авалтад Консулын газартай ажил төрлийн хэлхээ холбоотой
ажилладаг АНУ-ын Иллинойс муж, Чикаго хот, Күүк, Лэйк, Дупэйж дүүргүүдийн
төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, Чикаго хот
дахь бусад орны консулууд, Чикаго хот орчимд үйл ажиллагаа явуулдаг монгол
иргэдийн үүсгэл санаачилгын байгууллагуудын төлөөлөл зэрэг 100 орчим
төлөөлөгчид оролцлоо.
Консул Т.Батцэцэг хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ Консулын газар
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын бодлогыг тууштай хэрэгжүүлж, монгол
иргэддээ консулын үйлчилгээг шуурхай үзүүлж буйн зэрэгцээ суугаа орны
байгууллагууд, бизнес эрхлэгчидтэй ажил төрлийн хэлхээ холбоо бэхжүүлэх
замаар Монгол Улс-АНУ-ын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд хувь
нэмэр оруулахыг зорин ажиллаж буйг тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас
2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласныг онцлон тэмдэглэж,
гадаадын зочдыг Монголд аялан зочлохыг урив.
АНУ-ын Конгрессын гишүүн Дэнни Дэвис хүлээн авалтад оролцож буй
монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, баярын мэнд дэвшүүлэв.
Мөн Чикаго хотын дарга Брэндон Жонсон Консул Т.Батцэцэгт тусгай
мэндчилгээ ирүүлснийг “World Business Chicago” байгууллагын Гүйцэтгэх дэд
захирал Адрэйн Тонгэйт уншин танилцуулав. Хотын дарга захидалдаа тус хотод
амьдардаг монгол иргэд хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, соёлын
өвөрмөц байдлыг нэмэгдүүлж байдгийг тэмдэглэж, Чикаго хот болон Монгол Улсын
хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөж,
Үндэсний их баярын мэнд дэвшүүлжээ.
Хүлээн авалтын үеэр Монгол Улсаас ирсэн болон Чикаго хотод амьдардаг
уран бүтээлчид монгол дуу, хөгжим, бүжгийн дээжээс толилуулав. Түүнчлэн
“Монголд зочлох жил”-ийг сурталчилсан видео бичлэг, зурагт хуудсыг түгээн
танилцууллаа.